
Бид Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн Сөгнөгөрийн голын хөвөөн дэх Монгол улсын Аварга тариаланч Баасанхүүгийн 7 га ногооны талбайд 2026.09.14- 2026.09.18 -ны өдрүүдэд ажиллаж, “Намрын ажил” хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээд ирлээ.
Сурагчдыг бие даан амьдрах, хөдөлмөрт сурган, үнэ цэнийг мэдрүүлэх, багаар ажиллан, сайхан дурсамж бүтээх зорилготой “Намрын ажил” хөтөлбөрт маань манай үеийн 154 сурагч, үеийн багш нар, нийгмийн ажилтан, сургалтын менежерийн хамтаар төмс ялгах, шуудайлах, зооринд хураах зэрэг ажлыг хийж нийт 152 тонн ургац авлаа.
Мөн гал тогоонд ажилласан сурагчид тогооч эгчдээ туслан, хоолны бэлтгэл хийж, өдөржин ажилласан найзуудаа амттай сайхан хоол цайгаар таслахгүй байж, чөлөө завгүй ажиллав.
Хөтөлбөрийн 3 дахь өдөр өдрийн өрнүүн их ажлаа амжилттай дуусгаж үеэрээ movie night зохион байгуулж “Мартагдашгүй намар” киног театрт байгаа мэт хамтдаа үзсэн.
Хөтөлбөрийн 4 дэх өдөр эртлэн босож, ууланд гарч наран мандахыг харж, уул усандаа зорилго хүслээ шивнэн, идээ будааны дээж өргөлөө. Энэ мөчид хөгжмийн багш Ёндонсамбуу Алтай хангай нутгаа магтан, Жангарын туулиа хайлсан нь сурагчид монгол хүн гэдгээ мэдэрч, бахархсан онцгой мөч байлаа.
Мөн Батсүмбэр сумын сургуулийн 12-р ангийн сурагчид ирж, үеийн найзуудтайгаа танилцан, хамтдаа ногооны талбай дээр ажиллаж дурсамж дүүрэн өнгөрүүлэв.
Сүүлийн орой нь галын наадам дээр сурагчид сэтгэлийнхээ үгийг хэлж, хамтдаа дуулж хуурдан, гадаа хэдий сэрүүн ч халуун дулаан мэдрэмжээр бялхсан үдшийг өнгөрүүллээ.
Хөтөлбөрийн сүүлийн өдөр бид сумын сургуулийг зорин очиж, тэд биднийг найрсгаар хүлээн авч, урлагийн тоглолт үзүүлэн, амттай сайхан хоолоор дайлав.
Богино хугацаанд мартагдашгүй дурсамж бүтээж, хөдөлмөрийн сайхан хийгээд хүнд бэрхийг ойлгож мэдэрсэн, бие биедээ тусалж дэмжсэн, хичээнгүйлэн ажилласан хүүхдүүддээ халуун баяр хүргэе.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Батсүмбэр сумын ЕБС болон Монгол улсын аварга тариаланч Н.Баасанхүүгийн гэр бүлд гүн талархал илэрхийлье.
“Намрын ажил” амьдрах ухааны хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан 7 -р үеийн багш нартаа мөн сургуулийн захиргаа, үргэлж дэмжин ажилладаг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.