

Бид Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн Сөгнөгөрийн голын хөвөөн дэх Монгол улсын Аварга тариаланч Баасанхүүгийн 7 га ногооны талбайд 2026.09.14- 2026.09.18 -ны өдрүүдэд ажиллаж, “Намрын ажил” хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээд ирлээ.
Сурагчдыг бие даан амьдрах, хөдөлмөрт сурган, үнэ цэнийг мэдрүүлэх, багаар ажиллан, сайхан дурсамж бүтээх зорилготой “Намрын ажил” хөтөлбөрт маань манай үеийн 154 сурагч, үеийн багш нар, нийгмийн ажилтан, сургалтын менежерийн хамтаар төмс ялгах, шуудайлах, зооринд хураах зэрэг ажлыг хийж нийт 152 тонн ургац авлаа.
Мөн гал тогоонд ажилласан сурагчид тогооч эгчдээ туслан, хоолны бэлтгэл хийж, өдөржин ажилласан найзуудаа амттай сайхан хоол цайгаар таслахгүй байж, чөлөө завгүй ажиллав.
Хөтөлбөрийн 3 дахь өдөр өдрийн өрнүүн их ажлаа амжилттай дуусгаж үеэрээ movie night зохион байгуулж “Мартагдашгүй намар” киног театрт байгаа мэт хамтдаа үзсэн.
Хөтөлбөрийн 4 дэх өдөр эртлэн босож, ууланд гарч наран мандахыг харж, уул усандаа зорилго хүслээ шивнэн, идээ будааны дээж өргөлөө. Энэ мөчид хөгжмийн багш Ёндонсамбуу Алтай хангай нутгаа магтан, Жангарын туулиа хайлсан нь сурагчид монгол хүн гэдгээ мэдэрч, бахархсан онцгой мөч байлаа.
Мөн Батсүмбэр сумын сургуулийн 12-р ангийн сурагчид ирж, үеийн найзуудтайгаа танилцан, хамтдаа ногооны талбай дээр ажиллаж дурсамж дүүрэн өнгөрүүлэв.
Сүүлийн орой нь галын наадам дээр сурагчид сэтгэлийнхээ үгийг хэлж, хамтдаа дуулж хуурдан, гадаа хэдий сэрүүн ч халуун дулаан мэдрэмжээр бялхсан үдшийг өнгөрүүллээ.
Хөтөлбөрийн сүүлийн өдөр бид сумын сургуулийг зорин очиж, тэд биднийг найрсгаар хүлээн авч, урлагийн тоглолт үзүүлэн, амттай сайхан хоолоор дайлав.
Богино хугацаанд мартагдашгүй дурсамж бүтээж, хөдөлмөрийн сайхан хийгээд хүнд бэрхийг ойлгож мэдэрсэн, бие биедээ тусалж дэмжсэн, хичээнгүйлэн ажилласан хүүхдүүддээ халуун баяр хүргэе.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Батсүмбэр сумын ЕБС болон Монгол улсын аварга тариаланч Н.Баасанхүүгийн гэр бүлд гүн талархал илэрхийлье.
“Намрын ажил” амьдрах ухааны хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан 7 -р үеийн багш нартаа мөн сургуулийн захиргаа, үргэлж дэмжин ажилладаг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Шинэ Монгол Харүмафүжи Сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Бямбадорж аваргын нэрэмжит “Харүмафүжи” тэтгэлгийн сангийн амьдрах зардлын тэтгэлэгт хамрагдах оюутнууд тодорч, тэтгэлгээ гардан авлаа.
2026 оны тэтгэлэгт оюутнаар
Тус тэтгэлэг нь Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн төгсөгч, гадаадын их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын амьдрах зардлыг дэмжих зорилготой бөгөөд тэтгэлэг хүртсэн оюутан 1 жилийн хугацаанд сар бүр 50,000 иен авах юм. Тэтгэлэг хүртсэн нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!
ШМХФ сургуулийн гадаадын их дээд сургуульд суралцаж буй төгсөгчдийг дэмжих зорилгоор Эйч энд Эй трэйвел ГХОХХК-ийн Ерөнхийлөгч Адачи Ёокичи, ШМХФ сургуулийн үүсгэн байгуулагч Харүмафүжи Д.Бямбадорж нар 2025 оны 12-р сарын 3-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, “Харүмафүжи” тэтгэлгийн сангийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж төгсөгчдөд тэтгэлэг олгох үйл ажиллагааг дэмжиж байгаа юм.
Энэхүү тэтгэлэг нь олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах зөв, сайн Монгол иргэдийг дэмжин, тэдний сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг бөгөөд үе үеийн төгсөгчдөдөө тэтгэлгийн нээлттэй сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Тэтгэлгийн ерөнхий шалгуур
Төгсөгчид нь сургуулиараа бахархаж
Сургууль нь төгсөгчдөөрөө алдаршина.



Японы олон улсын соёлын форум сангаас “The Japan Foundation TJF” зохион байгуулсан “Эх дэлхийн ирээдүйг хамтдаа эргэцүүлье” “The QUEST” олон улсын солилцооны хөтөлбөр 2026 оны 8 дугаар сарын 3–7-ны өдрүүдэд Япон улсын Канагава мужийн Хаяама хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хөтөлбөр нь Япон болон Азийн орнуудын дунд, ахлах ангийн сурагчдыг нэг дор цуглуулж, харилцан ойлголцол, соёлын солилцоог хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн ирээдүй, байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлын талаар хамтдаа эргэцүүлэн бодож, үзэл бодлоо хуваалцах зорилготой юм.
Энэ удаагийн хөтөлбөрт Монгол Улсаас 4, БНСУ-аас 4, БНХАУ-аас 4, Япон улсаас 12, нийт 24 дунд болон ахлах ангийн сурагч оролцжээ.
Монгол Улсаа төлөөлөн Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн дараах сурагчид болон багш оролцов. Үүнд:
Оролцогчид таван өдрийн турш хамтдаа байрлаж, өдөр тутмын амьдрал болон хөтөлбөрийн үйл ажиллагаагаар дамжуулан өөр өөр улс, соёлын талаар ойлголтоо гүнзгийрүүлж, харилцан хүндлэл, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бий болгосон юм.
Хөтөлбөрийн хүрээнд сурагчид “Миний хүсэж буй ирээдүй” сэдвээр дижитал бөмбөрцөг ашиглан өөрсдийн төсөөлөл, хүсэл мөрөөдлөө илэрхийлж,“Бидний Дэлхий – Найдвартай ирээдүйг хамтран бүтээх нь” сэдвээр бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлж, дэлхийн ирээдүйн талаарх өөрсдийн үзэл бодол, туршлагаа хуваалцан, “Дэлхийн ирээдүйн талаарх бидний төсөөлөл” сэдвээр илтгэл тавьжээ.
Хөтөлбөрийн туршид сурагчид зөвхөн дэлхийн нийтлэг асуудлуудын талаар ярилцаад зогсохгүй, өөр өөр орны үе тэнгийнхэнтэйгээ хамтран асуудлыг олон өнцгөөс харж, “Бид ирээдүйг хэрхэн хамтдаа бүтээж болох вэ?” гэдэг асуултын хариултыг эрэлхийлсэн нь энэхүү хөтөлбөрийн онцлог байлаа.
Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн баг эх орон, сургуулиа амжилттай төлөөлөн, олон улсын үе тэнгийн сурагчидтай мэдлэг, үзэл бодол, соёл, туршлагаа хуваалцаж, дэлхийн ирээдүйн талаар хамтдаа эргэцүүлэн үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан байна. Сургуулиа төлөөлөн оролцсон багш, сурагчдадаа цаашдын сурлага, хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

.jpg)



ШМХФ сургууль нь Японы Шизүока мужийн Хамамацү Кайсэйкан дунд, ахлах сургуультай хамтын ажиллагааны хүрээнд сурагчдын япон хэлний мэдлэгийг ахиулах, япон соёлтой танилцах, спортын ур чадвараа хөгжүүлэх, найз нөхөдтэй болох зорилготой соёл, спортын солилцооны хөтөлбөрийг 7-р сарын 10-19-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Тус хөтөлбөрт ШМХФ сургуулийн ахлах ангийн 9 сурагч болон биеийн тамирын багш сургуулиа төлөөлөн оролцоод ирлээ. Үүнд:
· Биеийн тамирын багш Т.Гарамханд
· 12-3 ангийн сурагч М.Билгүүн
· 12-4 ангийн сурагч Б.Ганхөлөг
· 11-5 ангийн сурагч Д.Мөнхтамир
· 11-2 ангийн сурагч Э.Энх-Үйлст
· 11-3 ангийн сурагч Г.Түвшин
· 11-2 ангийн сурагч М.Магнай
· 11-3 ангийн сурагч Б.Бадруун
· 11-1 ангийн сурагч Г.Бадрах
· 11-2 ангийн сурагч Г.Барсболд
Япон орны боловсрол, соёл, амьдралтай танилцахын зэрэгцээ япон сурагчидтай хамтран сагсан бөмбөгийн бэлтгэл, тоглолтод оролцож, спортын ур чадвар, туршлагаа харилцан хуваалцлаа.
Мөн сурагчид япон хэлээ бодит орчинд ашиглан харилцах, шинэ найз нөхөдтэй болох, хоёр орны соёл, амьдралын хэв маягийг харилцан ойлголцож үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан юм.
Хамтын ажиллагааг өргөжүүлсэн өөр нэгэн үйл ажиллагаа нь 8-р сарын 3-7-ны өдрүүдэд Хамамацү Кайсэйкан дунд, ахлах сургуулийн англи хэлний багш Кагэяама багш, сурагч Хасэгава Гэнжиро нар Монгол улсад айлчилж, ШМХФ сургуулийн зуны сургалтын кемп хөтөлбөрт оролцлоо.
Энэ үеэр япон багш, сурагч нь сургуулийн орчин, сурагчдын өдөр тутмын амьдралтай танилцаж, мөн 12-3 ангийн сурагч М.Билгүүний гэрт зочлон, монгол айлын ахуй, зан заншил, уламжлалт соёлтой танилцсан юм. Халуун дотноор хүлээн авсан М.Билгүүний гэр бүлд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Хоёр сургуулийн сурагч багш нар харилцан бие биедээ зочлон, хэл, соёл, боловсрол, спортын чиглэлээр туршлага солилцож, сурагчдын нөхөрлөл, хамтын ажиллагаа улам бэхжиж байгаад баяртай байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчид болон багшдаа цаашдын сурлага, спортын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье.










