
Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн ахлах ангийн 12 сурагч Япон хэлний багш Э.Соёлмаа багшаар ахлуулан 2026.07.10-2026.08.05 хооронд Япон улсын Осака хотод байрлах “Human Academy” япон хэлний сургуулийн зуны хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирлээ. Ирээдүйд Япон улсын нэр хүндтэй их сургуульд дэвшин суралцах хүсэлтэй сурагчдад бодит орчинд нь очин, япон хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна 1 сарын хугацаанд бие даан амьдарч, амьдралын ухаанд суралцсан үр өгөөжтэй хөтөлбөр байлаа.
Сурагчид маань үдээс өмнө Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт болох (EJU) шалгалтын бэлтгэл, үдээс хойш япон хэлний түвшин тогтоох (JLPT) шалгалтын бэлтгэл хичээлд хамрагдахын зэрэгцээ аялал жуулчлалын алдартай газрууд болох Осака цамхаг, Үмэда скай барилга, Юниверсал студи, Үжи хотын аялал, Бёдо ин сүмийн аялал, далайн аялал, зэргэлдээх Киото хотод байрлах алдарт Фүшими Инари тайша сүмрүү тус тус аялсан. Мөн угталтын арга хэмжээ, Бинго тэмцээн, Матча ногоон цайны ёслолтой танилцах хөтөлбөр, Тэнжин мацүри баярт оролцох зэргээр япон соёлтой танилцсан юм. Энэ удаагийн хөтөлбөрийн онцлог нь Отани ахлах сургууль, Сакүразүка ахлах сургуулийн сурагчидтай танилцан, япон сургуулийн нэг өдөртэй танилцаж олон гайхалтай дурсамжийг бүтээлээ.
Энэхүү хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан “Human Academy” япон хэлний сургууль нь 40 гаруй жилийн туршлагатай, 550 гаруй багш ажилтантай, 60 орны оюутан залууст япон хэлний боловсрол олгож буй чадварлаг баг хамт олонд халуун талархал илэрийлье.
Хөтөлбөрт хамрагдсан сурагчид маань ирээдүйд хүссэн мэргэжлээрээ зорьсон их сургуульдаа тэнцэн, эрдэм мэдлэгийн хязгааргүй далайгаар эгнэгт түүчээлэн аялах болтугай гэж ерөөе.









