“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн Англи хэлсний багш Николастай ярилцлаа.
-Сайн байна уу. Та бидэнд өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайн байна уу, намайг Хендрикс Николас Кайль гэдэг. Би АНУ-ын Калифорн мужийн Сан Диего хотоос ирсэн. Миний үндсэн мэргэжил бол Ази судлал. Монгол Улсад анх 2010 онд ирж байлаа. Хэсэг хугацаанд Дархан хотод багшилж байгаад Улаанбаатар хотод Элит сургуульд ирж англи хэлний багшаар ажилласан. Харин энэ оны есдүгээр сараас “Шинэ Монгол Харүмафүжи” сургуульд багшлахаар ирээд байна.
-Энэ сургуулийг сонгож ирэх болсон шалтгаан тань юу вэ?
-Багш хүнд ажиллах нөхцөл, орчин хамгийн чухал байдаг гэж би хувьдаа дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, сургуулийн удирдлагууд багш нарынхаа ажиллах орчин, нөхцөл бололцоог тодорхой түвшинд хангаж өгөх үүрэгтэй. Ингэвэл багш нар бүх хүчээ дайчилж, өөр зүйлд сатаарахгүйгээр үндсэн ажлаа буюу “Сурган хүмүүжүүлэх” ажилдаа төвлөрнө. Үр дүн нь сургалтын чанар. Би энэ үндсэн хоёр шалгуурын үндсэн дээр “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиа сонгож ирсэн.
-Таны багшийн ажлын үндсэн арга барил тань юу вэ?
-Монгол Улсад найман жил орчим ажиллаж амьдрахдаа нэг зүйлийг анзаарсан. Жишээлбэл, англи хэлний хичээл дээр хүүхдүүдэд 95 хувийг нь Монголоор ярьж зааж хэлж өгч байна. Харин сурах ёстой англи хэл дээр тухайн хичээлийн тав орчим хувь нь ордог. Би бол үүнийг эсрэгээр нь хэрэгжүүлдэг.
-Та сурагч нартаа юуг зөвлөдөг вэ?
-Монгол хүүхдүүд бичиж, уншихдаа сайн байдаг ч, ярихдаа муу байдаг. Тийм учраас хэнээс ч айж эмээж, ичих нэрэлэхэх зүйлгүйгээр ярьж сурах хэрэгтэй гэж зөвлөдөг. Тиймээс би өнөөдөр танд ярилцлага өгөхдөө мэргэжлийн багшаар бус нэг шавиараа орчуулга хийлгүүлж байна шүү дээ.
-Япон, Монголын онцлогийг шингээсэн сургуульд Америк багш, англи хэл заахад хэр сонирхолтой, магадгүй хүндрэлтэй байдаг вэ?
-Би бага байхдаа Япон хэл сурч байсан. Хожим их сургуульд Ази судлалаар сурч байхдаа ч Японы соёл, ёс заншлыг шимтэн сонирхдог байлаа. Хувь хүн талаасаа бол энд багшилж байгаа нь олзуурхууштай. Багш хүний хувьд бол “Шинэ Монгол соёл”, “Шинэ ертөнц”-өд орж ирсэн юм шиг л таатай санагдаж байгаа.
-Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд ч амжилт хүсье. Мөн нийт “Шинэ Монгол”-чууддаа амжилт хүсье.