Хүндэт эцэг эхчүүд, багш, сурагчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Сүмогийн хатуу ширүүн тэмцэлтэй, хайр хүндлэл дүүрэн ертөнц дэх 18 жилийнхээ хөлс хүч хөдөлмөрийнхөө үр дүнд “Шинэ Монгол Харүмафүжи” хэмээх ерөнхий боловсролын сургуулиа ийнхүү үүсгэн байгуулж чадсандаа туйлын их баяртай байна.
Надад Сүмогийн Их аварга Ёкозүна хэмээх эрхэм цолыг хүртэх тийм ч амар хялбар байгаагүй. Саад бэрхшээл, гуниг зовлон, бэртэл гэмтэл гээд учирч болох бүхэнтэй нүүр тулсан ч аав, ээж, ард түмнийхээ итгэл, сэтгэлийн дэм, Япон багш, анд нөхдийнхөө дэмжлэгээр тэр бүхнийг даван туулсан юм. Тиймээс гишгэсэн мөр, туулсан зовлон жаргал бүхнээ эргэн санаж, ард түмнийхээ ачийг хариулж, аавынхаа захиасыг биелүүлэхийг үргэлж мөрөөддөг байлаа. Япон хүний ажилч хичээнгүй, эх оронч, өв соёл уламжлалаа дээдэлдэг тэрхүү үнэт чанар юугаар ч сольшгүй үндэсний баялаг болдгийг Сүмогийн ертөнцөд өнгөрүүлсэн он жилүүд надад гүн гүнзгий ойлгуулж мэдрүүлсэн билээ. Тиймээс Монголынхоо хүүхэд, залуусаа эх орноо хайрлаж, эцэг өвгөдөө хүндэтгэж, өв соёл уламжлалаа дээдэлдэг иргэд болон хүмүүжихэд нь өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэх болсон юм.
Энэ үедээ “Шинэ Монгол”, “Галаа багш” гэх нэрийг сонсч, тэрхүү нэрээр овоглож яваа Монгол залуус маань хүний нутагт нэрээ өндөрт өргөж, сайн бүхний жишээ болж явахыг олонтаа харж мэдрэх болсон билээ. Хожим хувь заяаны тохиолоор Ж.Галбадрах багштайгаа учирч, хүсэл мөрөөдлөө биелүүлэх “түлхүүр”-ийг олж авсан минь энэ билээ. Бид энэхүү сургуулиараа дамжуулж “Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монгол сургууль, Дэлхийн боловсролыг эзэмших Монгол иргэн”-ийг бий болгож, улс эх орныхоо, цаашилбал дэлхий нийтийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах болно. Энэ бол миний чин хүсэл, аав, ээжийн минь үнэт сургааль, аминчлан хэлсэн захиас юм. Эцэст нь хэлэхэд бид хамтдаа бүхий л зүрх сэтгэл, оюун ухаанаа дайчлан хичээвэл зорьсон зорилгодоо заавал хүрэх болно.
Үүний төлөө сурагчид та бүхэн минь
Эрэлхийлж, Эргэцүүлж, Дүүлэн нисээрэй.
Хүндэтгэсэн, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн ТУЗ-ийн дарга Даваанямын Бямбадорж /Ёкозүна Харүмафүжи/
Манай сургуулийн албан ёсны вэб сайтад зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Сүмогийн их аварга Д.Бямбадорж бид хоёр хамтран Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийхээр гурван жилийн өмнөөс сэтгэл шулуудан олон хүний хүч, хөдөлсөр, хөрөнгө мөнгө, сэтгэл зүтгэлээр "Шинэ Монгол Харүмафүжи" сургууль маань ийнхүү нээлтээ хийж буйд туйлын баяртай байна.
Улс орны хөгжил, хүний хөгжлөөс хамаардаг. Хүний хөгжил нь чанартай боловсролоор тодорхойлогддог. "Шинэ Монгол" сургууль маань аль хэдийнэ брэнд сургууль болж, олонд танигджээ. "Шинэ Монгол Харүмафүжи" сургууль тун удахгүй брэнд сургууль болох болно.
Бид дэхийн боловсролыг Монголдоо эзэмшүүлэх зорилготой.
Өнөөдрийн Монголын боловсролын системд хичээлийн хөтөлбөр тогтворгүй, сургалтын орчин, анги танхим, заал лаборатори хүрэлцээгүйгээс хэвийн стандарт хангаж чадахгүйгээс боловсролын чанар муу, шаардлага хангахгүй гэж хэлэгдэж байна. Бид харин харин олон улсын стандартыг барих болно.
Та бүхэн бидэнд итгээрэй. Бид зүтгэх болно.
Хүндэтгэсэн: Үүсгэн байгуулагч /Боловсрол судлалын доктор PH.D/ Ж.Галбадрах
Шинэ монгол эрдмийн хүрээлэнгийн мэндчилгээ
“Шинэ Монгол” сургуулийн байгуулагдсан цагаасаа баримталсан "Бусдад туслах, талархах сэтгэлээс аз жаргал үүддэг" хэмээх үзэл санаа ч гэсэн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуульд үргэлжлэн нэвтэрч, дэлхийд үнэлэгдэх шинэ Монгол иргэн эндээс төрөн гарах биз ээ.
"Эрэлхийл, Эргэцүүл, Дүүлэн нис" хэмээх уриа үгэнд нь энэ сургуулийн мөн чанар шингэжээ. Асуудлыг олж харан, түүнийг шийдвэрлэхийн тулд мэдлэгийн ертөнцөд хязгааргүй сониуч сэтгэлээр шунан орох залуу хүнийг "эрэлхийлэгч" хэмээнэ. Эрэлхийлэгчийн үзэл санаагаар эцэс төгсгөлгүй орчлонгийн элдэв үзэгдлийг бясалгаж, хүн төрөлхтөний хүрсэн хязгаарыг эвдэж урагшлах их хүчийг "эргэцүүлэхүй" бидэнд олгоно.
Эрэлхийлж, Эргэцүүлж ирсэн ирээдүйн боловсон хүчин "Дүүлэн нисэх" гэсэн үр дүнд хүрэх нь ойлгомжтой болой. “Шинэ Монгол” сургууль хийгээд шинээр байгуулагдсан “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль нэг хөрсөнд соёолсон ах дүү сургууль учраас төгсөгчид нь Монголд гэрэлт ирээдүйг авчран, эх орноо аз жаргал бялхсан улс болгох томоохон хүч болох ёстой. Энэхүү сайн цаг үеийг урагшлуулах “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийнхандаа амжилт бүтээлийн дээдийг хүсье.
“Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн” гүйцэтгэх захирал Г.Тогос
“Шинэ Монгол технологийн дээд сургууль” ректор Ч.Ганзориг
“Шинэ Монгол” сургуулийн гүйцэтгэх захирал П.Наранбаяр
“Шинэ Монгол Косэн” гүйцэтгэх захирал Ш.Буянжаргал
“Бяцхан Монгол цэцэрлэг” үүсгэн байгуулагч Э.Зулгэрэл, Д.Хишгээ