БАГШ НАЙРАГЛАЛ

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ багш нарын баярын гал халуун мэндийг хүргэе.

Энэ жилийн баяр Монгол улсад орчин цагийн Боловсрол Шинжлэх Ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монголын багш нарын баярын 55 дахь өдөр тохиож байна.

Жил бүрийн дэлхийн багш нарын өдөр болох 10 сарын 5-нд бид багш нарынхаа баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж өмнөх хичээлийн жилийнхээ ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, хөөр баяраар бялхаж, багш хэмээх эрхэм мэргэжлийн эзэд болсноороо бахархаж ирсэн сайхан уламжлалтай.

2020-2021 оны хичээлийн жил нь бидний амжилт бүтээлийн эхлэл жил байлаа.

Анхны төгсөгчид маань амжилт бүтээлээр дүүрэн төгсөж, номын дүү нартаа маш өндөр босго тогтоож үлдээлээ. Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дундаж оноогоороо дүүрэгтээ тэргүүлж, улсын дундаж онооноос хичээл тус бүрээр 113-223 оноогоор давуулан биелүүлсэн гайхам амжилтыг үзүүллээ.

Энэ бүх амжилт ачит багш нар та бүхний, мөн ажилчид, удирдлага, аав ээж гээд олон хүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, сайхан сэтгэлийн хүч юм. Багш нартаа дахин дахин баяр хүргэж талархал илэрхийлье.

Бага сургууль маань анхны 5-р ангиа амжилттай төгсгөж, англи хэлний анхны эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг багш сурагчдын хичээл зүтгэлээр маш амжилттай хэрэгжүүлсэн жил болсныг цохон тэмдэглэе. Бага ангийн болон англи хэлний багш нартаа талархал илэрхийлье.

“Эвтэй бол хүчтэй” гэсэн ардын маань сайхан үг байдаг. Бид улам их хүчтэй байх болно оо. Та бүхэндээ цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.

ХҮНДЭТГЭСЭН,

СУРГАЛТ ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ Н.ӨЛЗИЙСАЙХАН

2021.10.05